Home » , » Чингис хааны мэндэлсэн газар хаана байна.

Чингис хааны мэндэлсэн газар хаана байна.

Written By Unknown on 2014/02/27 | 12:58



Нууц товчооны 59-рт Чингис хааны хаана мэндэлсэн тухай өгүүлэхдээ: “Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин үгэ, Хорибуха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өүлэн үжин, Ононы Дэлүүн Болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ” гэсэн байдаг.
Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын төвийн зэргэлдээ орших Гурван нуурын рашаан сувиллын газрыг жинхэнэ Дэлүүн болдог хэмээн үзсэн эрдэмтэн О. Жамъян, Х. Пэрлээ, Ц. Доржсүрэн нарын хийсэн дүгнэлтийг сийрүүлбэл :
1.      Судар бичгийн хүрээлэнгийн дарга байсан О. Жамъян дээр  дурьдсан газрыг очиж үзээд “Дэлүүн Болдогийг сурвалжилсан нь” гэдэг бяцхан тэмдэглэлийг 1928 онд нйитлүүлсэн байна. Уг тэмдэглэлийг үзэхэд О. Жамъян  нутгийн хүмүүсээс туйлын үнэмшил багатай хууч домог бичиж авчээ. Жишээ нь: “Зүүн нуураас нь Чингис хааныг төрөхөд эх нь адууны дэлүүгээр шөл ууснаар дэлүү нуур хэмээдэг. Дунд нуур нь өр дундаа аралтай, тэр арал нь дүв дүгрэг, дээрээ тэгш... 60 аад жилийн өмнө 1870 оны үед өр дээрхи хонхор нь юм түлэгдэх халуун нурам байсан гэнэ. Баруун давстай нуурт Чингис хааны нялх биеийг угааж болгосоноор Болдог нэртэй болсон гэнэ. Зүүн ба энэхүү баруун нуурын нэр нийлээд “ДЭЛҮҮН БОЛДОГ”болсон тул Дэлүүн Болдог хэмээх газар үүнийг мөн хэмээж болох мэт ” гэжээ.
2.      Х. Пэрлээ 1958 онд “Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь” гэдэг жагсаалт нийтлүүлж, түүнд дурьдахдаа: “Дэлүүн Болдог”-ийн тухай олон таамаглал бий боловч цөм ташаарсан байна. Ёстой Дэлүүн Болдог, Онон Балж голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий гэж заасан байна.
3.      “Чингис хааны төрсөн Дэлүүн болдог хаана байна” гэдэг бяцхан номыг археологч Ц. Доржсүрэн 1960 онд нийтлүүлж дүгнэлт болгон бичихдээ:  дээрх хоёр эрдэмтэний бичсэний дагуу МӨН хэмээн үзэжээ.
Дээр дурьдсаны дагуу тэдний судалгаанд тулгуурлаж Онон, Балж голын бэлчирт, зүүн уртрагийн 1110   39, хойд өргөргийн 49002 –ын солбилцолд оршдог Гурван нуурын амралттай тус газрыг Чингис хааны мэндэлсэн Дэлүүн Болдог мөн хэмээж, түүний мэндэлсэн 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын хөшөө босгосон юм.
Нууц товчооноос хойш бичигдсэн түүхийн сурвалж бичгүүдэд Дэлүүн Болдог –ийн тухай тэмдэглэн үлдээсэн гол бүтээлүүдээс дурьдахад:
1.      Ираны түүхч Рашид – Ад- дин “Түүхийн чуулган”-д “Есүхэй баатар тэдэнтэй /татааруудтай/ байлдаж ялан дийлж, ялгуусан сүрээ бадруулан буцаж иржээ. Тэрээр тэдний гэр орон, гэргий хүүхэд адуу малыг  талан дээрэмдсэн байна. Буцах замдаа Дэлүүн Болдог гэдэг газарт буудлаж тэнд хэсэг зуур болж байтал мөнхүү дурьдсан гахай жил Чингис хаан ертөнцөд мэндэлжээ.” Гэсэн байна.
2.      Инжинаашийн зохиосон “Их Юан улсын мандсан төрийн хөх судар” түүхэн зохиолд “ар газар чулуут уул маш чухаг, ганц Тэргүүн болдог нэрт ууланд хадтай хошуу бүхий дор, үүнийг  дагаж манх хэдий чинээн газарт урт луу мэт, холоос үзвэл үхрийн дэлүү мэт тул Дэлүүн Болдог хэмээн нэрийджээ. Тайжууг саяхан энэ манхны луугийн эрдэнэийн танын хошуун дээр мэндэлжээ. Хойно Оюугийн Болдог хэмээн нэрлэв. Энэ газар эдүгээ... лав Онон мөрний ойр буй” гэжээ.  Энэ нь Дэлүүн Болдог бол О. Жамъяны хүний амнаас сонссон нуур усны нэр биш, уул ухаагийн нэр мөн болохыг тодотгон өгч байна.
3.      Түүхч Амар   “Монголын товч түүх” – ийн тэргүүн дэвтэрт Онон голын хөвөө Дэлүүн Болдог толгойн газарт төржээ. Хэмээн бичсэн байна
4.      Эрдэмтэн жамсраны Цэвээн “Монгол улсын түүх” гэдэг бичмэлдээ: “Тэмүүжин хөвүүний төрсөн газар нь Онон голын Дэлүүн Болдог дээр” гэсэн байна
Түүхч Амар, Цэвээн нар Дэлүүн Болдог гэдэг нь усны нэр биш тов толгойн нэр гэж Инжинаашийн бичсэнийг давхар давхар баталж байна. Үүнээс гадна тэр толгой нь Онон голын хөвөөнл оршдогийг ч тод дурьдсан байна. Мөн Б. Я. Владимирцов “болдог” гэдэг бол “довцог” гэсэн үг  гэж тайлбарласан байдаг.
Дээр сурвалжуудтай танилцахад дор дурьдсан дүгнэлтэд хүрч байна.
·         Дэлүүн Болдог гэдэг бол нуур усны нэр биш, дов толгойн нэр юм.
·         Монголын нууц товчоонд гардагчилан Чингис хааны идэр насандаа Онон голруу гүйж “Гэгээн согос загас”  барьдаг байсан гэхэд Гурван нуурын Дэлүүн болдог 16 км зайтай, харин Балжруу гүйвэл нэн ойр бизээ.
·         Нууц товчоог хянан уншихад Есүхэй баатрын харъяат Монголчууд Онон голын эхэнд, нэлээд дээгүүр нутаглан сууж байжээ. Онон голын урт 808 км, үүнээс Монгол улсын нутаг дээр 445 км урсдаг байна. Иймээс Орос, Монгол улс хоёрын хилээс 100 хүрэхгүй км-т оршдог, үүнийг эхэн хэсэгт багтааж үзэх аргагүй юм.
Дээрх дүгнэлтээс үзэхэд  Гурван нуурын Дэлүүн Болдог бол Чингис хааны мэндэлсэн жинхэнэ Дэлүүн болдог биш гэж үзэх үндэстэй. Бид жинхэнэ Дэлүүн Болдог нь одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон Хурхын бэлчирт оршдог Ламын ухаа буюу дээрхэн үеийн “Хүрээ ухаа” гэдэг довцог толгойг мөн гэж тогтоож эрдэмтэн шинжээчдийн сонорт толилуулж байна. Энэ довцог нь Хэнтий аймгийн Дадал сумын төвийн дэрэгдэх Гурван нуураас Онон голын усан гольдролоор өгсөхөд 120 гаруй км дээшээ, хойд өргөргийн 48034 54 зүүн уртрагийн 11003 64- ийн солбилцолд оршино. Жинхэнэ Дэлүүн Болдог мөн хэмээн үзэх хэд хэдэн сэжим байна. Нэгдүгээрт, Онон голын баруун хөвөөнд 600  метр зайтай, хоёрдугаарт  Инжинаашийн түүхэн романд гардаг Дэлүүн Болдогийн шинж байдал бүгд бий. Зоо нуруун дээгүүрэээ бэлчсэн хонь шиг харагдах чулуутай, ар хаяагаараа элс манхантай, урт нь 3 км бөгөөд луугийн дүрс мэт атирсан хэлбэртэй, алсаас харвал үхрийн дэлүү мэт харагдах бөгөөд “Болдог” гэж нэрлэхэд гажуугүй бөгөөд өвөр талдаа гурван жижиг нууртай юм.  Эргэн тойрондоо Чингис хааны түүхийг агуулсан Энэ довцог ухааг “Дэлүүн Болдог” мөн гэж тогтоон, шинээр шав тавьж байна. Тайчууд ах дүү нар бэлэвсэн Өүлэн үжинг бяцхан хөвгүүдийн хамт нутагт гээж нүүсэн тул
            “Оюутай  төрсөн Өүлэн эх
            Оёдолт дээлийг огшоон  өмсч
            Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлсэн” гэж Нууц товчоонд гардаг тэрхүү Чингис хааны төрж өссөн газар нь Онон голын баруун эрэг хөвөөнд байна гэж үзэж байгаагаа дахин дахин мэргэдийн сонорт толилуулъя.
Share this article :

0 сэтгэгдэл:

Post a Comment

 
Ивээн тэтгэгч : М.Хасчулуу | Facebook ХК | Хэнтий аймгийн ЗДТГ
Зохиогчийн эрх © 2013 он. Биндэр сум 90 жил - Бүх оюуны өмч хуулиар хамгаалагдсан
Загварыг М.Хасчулуу | Биндэр ЕБС XVXV төгсөлт | Xyyp.mn баг
Google-ийн сервер дээр байршив